2007-06-25
Mongol tuurgatan
Улс үндэстнээ сэргээн мандуулаад зогсолгүй, хүн төрөлхтөний зөрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хөгжин цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байсан аугаа үе, алтан зуун буй.
Мөнх Хөх Тэнгэртээ шүтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хүчээ нэгтгэн зорьж тэмцэж байх үедээ монголчууд их ард түмэн, Монгол улс дэлхийн гүрэн байсан юм. Монголын эзэнт гүрэн шиг тив тивд сүрээ бадруулж, олон хүчирхэг улс түмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зөвхөн монголчууд л хүн төрөлхтөний түүхэнд хамгийн хүчирхэг нь байсан.

Бараг бүх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хүч сулрах нэгэн нөхцөл бүрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нөхцөл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хүчээр мөхөсдсөн билээ. Үр дүнд нь өнөөгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард түмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, күрдийн түүхтэй л эн зэрэгцэх аж.

ХХ зуун-бага ард түмнүүдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы түрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хөөгдөж, дэлхий даяар тарсан жүүд нарыг улс бүрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард түмний бараг хагас нь билээ. Эртний түүх соёлт армянууд дутахгүй тооны булаан эзлэлд өртөж, дэлхийн I дайны үед Осман гүрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хөрснөөс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хүнээ хөнөөлгөсөн юм. Өөрийн төр улстай мандаж бадарч явсан күрдүүд өнөөдөр 20 саяулаа ч, дөрвөн улсад хуваагдан булаагдаж, тэр бүрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард түмнүүдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггүй.

Монголын эзэнт гүрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хөдөлшгүй суурьшиж, өөр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн өмнөх үе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бүхнээр хуваагдан иргэний дайн өрнүүлсээр Манжийн хүчирхэгжилтэй золгосон. Хүчээ нэгтгэлгүй дайнаа үргэлжлүүлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Өвөр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зүүнгарыг эрхэндээ оруулж, энэ үес оросууд Буриадыг булаасан юм.

1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хөх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хүрсэн билээ. Өвөр Монголын дийлэнхийг чөлөөлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хүлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хүч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чөлөөлсөн нутгуудаас цэргээ татаж, Хятад Өвөр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгүүр сонжуургүй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос түрэмгийлсэн юм.

Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мөн л их гүрнүүдийн хүчинд мөхөсдөв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргүүцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг үргэлжлүүлж, Өвөр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бүх нутагт үйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх үйлс байсан юм.

1945 онд БНМАУ Өвөр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хөдлөв. Чөлөөлөх зорилгоо биелүүлсэн ахан дүүстээ Өвөр Монголын парламент нэгдэх хүслээ илэрхийлсэн бичгийг өргөлөө. Мао хүчирхэгжтэл буюу тавиад он дундартал бүх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлүүлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч үзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн.

Өнөөдөр монголчуудын дөрөвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Төв Монгол улс юм. Бүх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгүй тэмцэж байсны төлөө большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хүн ардыг бөөнөөр хөнөөх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг үйлдсэн. 1990 оноос хойш Зөвлөлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна.
Монголдоо нэгдье гэж байнга тэмүүлж ирсэн өвөр монголчууд Хятадын харъяанд ӨМӨЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хүслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мөн ч их харгислал хядлагыг үзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж өширхөн, аймаглан хөнөөх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, өвөр монголчууд үүнийг үл хүлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв.

Тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хөх нуур зэрэг өргөн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гүрний эринд болон хожуу үед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнүүд маань 6 сая шахам болох ажээ.
Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бүлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх үзэлтэй нэрт зүтгэлтнүүдийг төрүүлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах өргөн тэмцлийг өрнүүлж, Халхад олноороо нүүдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хүн амтай нь бусад мужид өгч, сэхээтнүүдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бөөнөөр хороон харгислаж байсан юм. Өнөөгийн буриадуудын тоо ҮII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (ҮII зуунаас хойш оросууд 30 дахин өсчээ).

200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХҮII зууны эхээр язгууртны зөрчлөөс болж торгуудын 50 мянган өрх Ижил мөрөнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хүсдэг тэмцдэг байсан. Үүнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цөлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан өгсөн. Энэ нь халимагчуудыг үлдэх мөргүй устгах гэсэн оролдлого байсан юм.
Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргүй булаасан. Монголын төрөөс Тагна Урианхайг эргүүлэн өгөхийг удаа дараалан шаардаж байсан тул Зөвлөлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан.

ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургүйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хөдөлгөөн өрнүүлж байлаа. Өнөөгийн тувачууд мөн 200 мянга орчим. 1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин өгсөн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь өөрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх үгийг цаазлан хориглож, оросчлох, түрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн юм. Бусдаас дутахгүй хэлмэгдсэн, өөрсдийгөө цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бөглүү хоцрогдмол байдалд аж төрж байна.

Афганистанд монголчуудын том бүлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн өөрсдийгөө нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Түрэмгийлэгчдийн удам, өөр үндэс угсаатай, шиит шүтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс төгсгөлгүй дайны хөлд нэрвэгдэж, түмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдүүцэх явдалгүй юм. Бид ч унаган шүтлэгээ харийн шашнаар сольсон билээ.

Өөр улсуудад ч олон монгол буй. Орон бүхэнд монголчууд бий. Сүүлийн үед Төв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар өндөр түвшинд хүрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мөхнө. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана. Өнөөдөр зэвсгийн хүчээр монгол нутгуудыг чөлөөлөх боломж нэгэнт үгүй болжээ. Бүх элэг нэгтнээ Төв Монголд нүүлгэн ирүүлэх ганц л зам үлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгүй монголчуудаа урин залцгаая!
Орон бүхний монголчууд нэгдэгтүн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хүчийг хүртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа үндэстний нэгдэн нийлэх зуун болох төлөвтэй байна. Монголчууд үүнээс аанай хоцорвол үхлийн нүгэл тэр болох бүлгээ.

Холгүй цагт, газар нутгийг дэлхийн хүн амд харьцуулан тэгш хуваана гэж том гүрнүүд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мөнхжинө. Өнөөгийн байдлаараа өдөр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дүүрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгүй. Еврейчүүд Сион уул руугаа үхэн хатан тэмүүлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зүтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нүүн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь өнөөгийн монголчуудын үүрэг, нэр төрийн үйл хэрэг, аврал, аз жаргал юм.

Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Төв Монголд шилжин суурьших явдал мөнөөс мөн. Амьдрах улс гүрнээ сонгох нь хүний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хөрш гүрнүүд бага үндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад..
Сүүлийн үед манай өгөөмөр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох төлөвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дүүс уул уурхайн мэдлэг, ажиллах хүчээр хангаж, оргилсон бүтээн байгуулалт улс оронд өрнөж, Тэнгэрээс заяат буян хишгийг өөрсдөө хүртэнэ.

Гагцхүү Төв Монголын хууль эрх зүйн үндэс л үгүйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн үеийн байдлаар хүлээж авахаас өөр замгүй. Тэгэхэд шилжин суурьшигчид цөлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илүү өмчтөнүүд олноор ирж, улс орны хөгжилд нэмэр болох нь дамжиггүй билээ.

Бүх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын үлгэр биеллээ олж, бид дийлдэшгүй бат бөх, ялагдашгүй хүч чадалтай болж, цэнгэлийн манлайд хүрэх бүлгээ. Монголын хамгийн сайхан мөрөөдөл, эрмэлзэл, тэмцэл, ирээдүй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зөрчвөөс сөнөнө. Монголчуудын эв нэгдлийн аугаа хүч бидэнд агаар ус шиг үгүйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх үзэл бодлыг өргөн дээдлэгтүн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Түүний төлөө Тэнгэртээ мөргөж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард түмэн монголчуудынхаа түүхийг мэдэж, мэдүүл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын төлөө чармай.

Орд ордоор нүүн ирж, орон бүхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шүт, хүсэн мөрөөд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын төлөө дуу хоолойгоо өргө. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хүндэтгэ.
Бичсэн: enkhjin | цаг: 10:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Нармай монгол
Xазарууд 10 сая гаруй гээд байгаа юм. Эвтэйхэн тагнуулын ажиллагаа явуулаад Монголд оюутны хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр гайгүй толгойтой,монголжуу төрхтэйгөөс нь хамаад хагас сая хүн оруулаад иргэншүүлчихвэл 1-т цус сэлбэнэ, 2-т монголын хүн ам өснө. Бас өвөрмонгол, хөх нуур, буриад, халимгаас ядахнаа нийлүүлээд 1 сая хүн уриалаад иргэншүүлчихвэл, бид автоматаар 5 сая болоод Данийн хэмжээнд оччихно доо. Тэгвэл 2040 онд эхэлнэ гээд байгаа Хятадын түрэмгийлэл хүртэл 8-9 сая болчихоод, нэг сая хүнтэй арми бүрдүүлж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээд сууж байвал хэн ч Монголыг устгаж чадахгүй.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:52, 2010-12-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
чухам зөв шүү зөв л байр суурь дэмжиж байнам
Бичсэн: g84 цаг: 16:55, 2007-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1105 удаа уншигдсан.







:-)
 
xaax