2007-05-15
Ертөнцийн шинэ долоон гайхамшигт өрсөлдөгч 10 газрыг нэрлэв
Ертөнцийн шинэ долоон гайхамшигт өрсөлдөгч 10 газрыг нэрлэв  


 
Ж.БАЯРСАЙХАН
Ертөнцийн шинэ долоон гайхамшигт нэр дэвшсэн   газрууд  дотор  Мексикийн Юкатан хойг дахь Мая овгийн индианчуудын хот Чичен-Ица,   Перуд оршиж буй Инкүүдийн ариун газар болох эртний хот Мачу-Пикчу  гол өрсөлдөгчдийн тоонд  багтаж байна.

Санал асуулга 2007 оны долдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ өдөр Лиссабон хотноо дэлхийн долоон шинэ гайхамшгийг албан ёсоор зарлах юм байна. Уг төслийг санаачлагч нь Канадын алдарт кино найруулагч, тив дэлхийгээр аялагч  Бернард Вебер. Тэрбээр  найруулагчийн мэргэжлээсээ гадна  урлаг судлаач, нисэхийн  мэргэжлийг давхар эзэмшсэн авьяас билэгтэй нэгэн.

Чечен-Ица
Чечен-Ица бол орчин цагийн Мексикийн нутаг дэвсгэр дээр байдаг эртний Мая овгийн индианчуудын  хот билээ. Мая, Тольтек, Ица нарын ертөнцийг үзэх  үзэл тэдгээрийн чулуун хөшөө дурсгал болон бусад урлагийн бүтээлүүдэд нь гүн гүнзгий тусгагдсан байдаг бөгөөд хэн хүний гайхаш төрүүлэх энэхүү соёл иргэншлийн тухай өгүүлнэ.

Мачу-Пикчу
Перугийн нутаг дэвсгэр дээр орших энэхүү хот бол Урумбаб голын хөндийгөөс даруй 2057 метр өндөрт уулын оройд  оршдог юм байна. Мачу-Пикчу (үгчлэн орчуулбаас хөгшин уулын орой ) хотыг “Инкүүдийн балар эртний хот “ ч гэж нэрлэдэг. Гайхамшигт нууцаар дүүрэн энэхүү хотыг Инкийн хаан Пачакутек 1440 онд байгуулсан.  1532 онд испаничуудын довтолгооны үеэр  хотын иргэд  нь учир битүүлгээр алга болсон гэдэг.

Акрополь
Эртний Грекийн энэхүү сүм нь Афины  “Ариун уул” гэх газар орших бөгөөд хотын иргэдийн хувьд хүч чадал, аюулгүй байдлын  бэлгэдэл болдог байжээ. Парфенон буюу Акрополь сүмийн бэлэг тэмдэг нь ЮНЕСКО-ийн логон дээр дүрслэгдсэн байдаг.

Колизей
Ром хотын яг төвд орших энэхүү эртний задгай театр нь  байгууламжийнхаа хувьд орчин цагийн спортын цэнгэлдэх хүрээлэнтэй төстэй бөгөөд анх Ромын цэрэг жанжнуудын байгуулсан гавьяаг тэмдэглэх зорилгоор байгуулагдсан ба энд алдарт гладиатруудын халз тулаан байнга болдог байжээ.

Эйфелийн цамхаг
Архитектор Густав Эйфелийн бүтээл болох энэ цамхаг  Парис хот болон бүх Францын бэлгэ тэмдэг бөгөөд цамхгийг жил бүр зургаан сая гаруй хүн үзэж сонирхдог байна. Эйфелийн цамхаг 1889 оны Олон улсын үзэсгэлэнд зориулан баригдсан юм.

Хятадын цагаан хэрэм
6350 км урттай Хятадын Цагаан хэрмийг барих үйл ажиллагаа  анх манай эрний өмнөх III зуунд эхэлсэн бөгөөд хэрмийг барьж эхлэх үед бараг сая гаруй хүн барилгын ажилд дайчлагдаж байсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Уг хэрмийг барих санаачилгыг тэр үеийн Хятадын хаан Цинь Ши-хуанди гаргасан бөгөөд  монголчуудын эртний  өвөг дээдсээс хамгаалах зорилгоор барьжээ.

Пасха арлын чулуун хөшөөнүүд
Номхон далайн дорнод хэсэгт орших Пасха арал нь гурвалжин хэлбэртэй бөгөөд талуудын хэмжээ нь ердөө л 16, 18, 24 км гэсэн  харьцаатай юм байна. Энэ арал дээр маш олон сонин дүрстэй чулуун хөшөө байдаг нь эрдэмтдийн анхаарлыг одоо болтол татсаар байна. Чулуун хөшөө болгон тун хачин жигтэй дүр төрхтэй байдаг нь хэн хүнийг гайхшийг зайлбаргүй төрүүлдэг юм. Хөшөөний өндөр 3-21 м,  жин нь 10-20 тонн хүрдэг.

Петра
Ууланд дунд баригдсан Петра хот нь Набатей хэмээх нүүдэлчдийн бүтээл бөгөөд Иорданын соёлын нэгэн том өв  юм. Хот МЭӨ VII зуунд баригдсан бол алдарт Петрагийн хөшөө нь мэӨ I зуунд бүтээгджээ.

Стоунхенж
Стоунхенж хэмээх энэ архитектурын дурсгал бүтээл нь Английн Солсбергийн хөндийд байдаг ба МЭӨ 3500-1100 оны хооронд бүтээгдсэн гэж үздэг. Стоунхенжийн байгууламжийг бүтээхэд таван тонны жинтэй 82 мегалит, 25 тонны жинтэй 30 чулуун блок, Трилит хэмээх 50 тонны чулуу тавыг ашигласан. Анх эрдэмтэд уг байгууламжийг нар сарыг ажиглах зориулалттай бүтээсэн гэж үздэг байсан бол эдүгээ цагийн археологи болон бусад шинжлэх ухаанд гарч буй  ололт нь тэднийг уг байр сууриа өөрчлөхөд хүргэж байна.

Таж- Махал
Таж-Махал бол Энэтхэг-Исламын архитектурын нэгэн гайхамшигт сувд эрдэнэд зүй ёсоор тооцогддог бахархууштай бүтээл билээ. Төв Энэтхэгийн Агра хотод байрлах энэхүү бунханг Моголын хаан Шах-Жахан өөрийн хайрт хатан Арджуманд Бануд зориулан сүндэрлүүлжээ. Уг бунханг Моголын эзэнт гүрний шилдэг архитекторчид гар бие оролцон бүтээсэн бөгөөд уран нандин хийцтэй уг бунхан өргөөшөө 300 м, уртаашаа 600 м.

Бичсэн: enkhjin | цаг: 19:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


йөй
confused whew! йөйөйөй
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:08, 2008-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 923 удаа уншигдсан.







:-)
 
xaax