2007-05-15
Мэргэн оюунаа тунгаана уу.
Монголын тvvхийн архивын эх сурвалжууд хийгээд 1911 оны vндэсний хувьсгалын vйл хэрэгт оролцогчид, уг vйл явдлыг нvдээр vзсэн гадаад, дотоодын хvмvvсийн бичиж vлдээсэн материалууд, тухайлбал, Магсар хурц, манжич Л.Дэндэв, Г.Навааннамжил нарын зэрэг олон хvмvvсийн дурсамж, яриа, мэдээнд тvшиглэн тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдөр Монголд чухам юу болсон талаар жаахан тодруулахыг зорилго болгосон амой.

1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр чухам ямар vйл явдал болов ?

Европ тооллын 1911 он, Дайчин хэмээх Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арван тавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр бөгөөд төрийн их ёслолыг гvйцэтгэх маш сайн өдөр хэмээн сонгон vзэж тодруулсан, хишиг гариг, усан тахиа өдөр байжээ.

Архивын эх сурвалжид тэмдэглэснийг vзвээс, Халхын Хvрээний газрын бvгд хэргийг тvр шийтгэх газраас Дөрвөн аймгийн чуулганы дарга, жанжин нар, Хvрээний хамба, хутагт хувилаад, хан ван гvн олон засгууд, лам нарт хандан Цагаагчин гахай жилийн Өвлийн тэргvvн сарын 11-нд өргөн илтгэсэн бичигт өгvvлэхдээ: “Очир дара Богд гэгээнтэнийг манай Монгол Улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж, ёслон мөргөж, их төрийн ёслолыг гvйцэтгэх маш сайн өдрийг сонгон vзvvлбээс энэ Цагаагчин гахай жилийн 11 сарын 9 нь Баасан гаригт усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бvрдсэний тул энэ цагт өргөмжлөл, ёслолыг гvйцэтгэвээс” сайн хэмээн лvндэн зарлиг буусан хэмээжээ. Энэ тухай Орос улсын генеральный консулд сонсгон мэдэгдсэн байна.

Гадаад, дотоодын эрдэмтдийн бvтээлд эл өдрийг 11 дvгээр сарын 9, 12 дугаар сарын 15 эсвэл 16, мөн сарын 26, 28 гэх зэргээр янз бvрээр бичсэн тааралдах бөгөөд 1918 онд шилжсэн Оросын шинэ тооллоор vзэх аваас эл өдөр нь яах аргагvй 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр таарч байгаа юм.

Бэлтгэл: Халхын Хvрээний бvгд хэргийг ерөнхийлөн шийтгэх газар байгуулагдаж, тvvнээс хийсэн ажлууд:

Их Орос улсаас тусламж эрсэн
Их Хvрээн дэх Манж амбан сайдыг хөөн явуулсан
Монгол Улсын эзэн хаанд Богд Жавзандамбыг өргөмжилж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлах бэлтгэл ажлыг явуулжээ
Богд хааныг өргөмжлөх их ёслолын дэг журмыг тогтоож, ёслолд оролцогсдын өмсөх хувцас ёслолын дэг зэргийг нарийн тогтоосон байна.
Хааны тамганы эх загварыг боловсруулж тамга бvтээх,
Хаан өргөмжлөх ёслолыг явуулах төрийн 9 ордоныг бvтээн босгож бэлдэх,
Төрийн сvлд, далбааг бvтээх
Хаан, эх дагинын хувцасны эх загварыг гаргаж, бэлэн болгох, хааны буулгах зарлигийн төсөл,
Монгол Улсын засгийн газрыг байгуулах, Богдоос хишиг тараах зарлигийн төсөл
Аймгуудаас цэрэг, мөнгө татаж Улсыг тунхаглан зарлахад бэлтгvvлэх зэрэг ажлуудыг хийсэн байв.
Эдгээрийн дотор дурдан буй Төрийн шар ордоны тухай эх сурвалжид өгvvлснийг сонирхвоос,

Их Хvрээнээ шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн зvмбэрлэмэл очир, есөн эрдэнэ, долоон тахил тэргvvтнээр гоёмсоглон хээлсэн арав гаруй ханатай том гэрийг барьж дээрхи ёслолыг явуулсан байна.
Богд хааны монгол бичгийн багш хэмээгдсэн, Хурц Магсаржав бичихдээ: “Монголын төрийн орд, Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шvvх таван яамны байгуулалтыг урьдаар засацгаан бэлтгэхэд төв гэрvvдийг цөм монгол гэр vйлдсэн” гэж бичжээ.

Хvрээний хэргийг тvр ерөнхийлэн шийтгэх газраас Богдыг Улсын эзний хаан ширээнд өргөмжлөх ёслолын журмыг гаргасан байна. Тvvнд өгvvлэхдээ: “Богдыг зvvн ордноос төрийн ордонд залрахад шар торго дэвсэж шадар сайд, сойвонгууд хоёр талд шадар сайд донир нар өмнө нь удирдан явах ба лам ноёд ордоны vvдний хоёр этгээдэд хvж барин жагсана. Богдыг тогос шvхэр барин дотогш залрахад лам нар донир бараа бологчоос дээш, ноёд засгаас дээш ордноо бараалхан бусад нь ордны гадна жагсана.

Эрдэнийн сууринд залармагц ноёд, лам нар бvгдээр өөр өөрийн жагсах газартаа гурав мөргөхийн сацуу өргөх зоогийн сvv цай завьяаг соёго нар залж ирмэгц сойвонгууд тосч аваад хундага сэлтийг өргөн ноёд лам нар хvн тутамд нижгээдээр барин жагсч сөгдөөд ерөөлийг айлтгах Да лам Цэрэнчимэд төв өмнө сөгдөн шар, цагаан хадан нижгээдийг ерөөлийн хамт бариад уншин айлтгаж гvйцмэгц өргөх зvйлийг удаа дараагаар мутарт дэвшvvлэн өргөсний дараа гурав сөгдөж ёс мөргөмvй” хэмээжээ.

“Халхын таван аймгийн хаад, чуулганы дарга, жанжин, олон засаг ноёд, хутагт хувилгаад, шанзодва, да лам нар язгууртан тушаалтан тайж тvшмэд бvрнээ Их Хvрээнд хуралдан хvрч ирсэн” хэмээн Монголын 1911 оны vндэсний хувьсгалын тухай нилээд бодитой мэдээ агуулсан хэмээгддэг “Монгол Улсын автономи хэмээх өөртөө эзэрхэн засах эрхт засгийн vеийн vнэнхvv явдал чухам байдал, чухал учрыг тэмдэглэсэн товч өгvvлэл хэмээх тvvх бичигт” өгvvлсэн бол Ц.Дамдинсvрэн гуайн “Өвгөн Жамбалын яриа” –нд “Богд хаан ширээнд суухдаа дөрвөн аймгийн хаад, ван, гvн, засаг хошууны ноёд цөм цугларч Хvрээний 30 аймгийн хамба цорж, 30 аймаг, 10 дацангийн лам гэсгvй нар цугларч, Дөрвөн аймгийн хаад ноёд есөн цагаан хvргэж, олон аймаг, дацангууд цөм өөрсдөө есөн цагаан адуу, тэмээ, цэмбэ, мандал, хадаг зэргийг өргөв” хэмээн тодруулсан байна. ХХБХТЕШГ-аас Богдыг хаанд ширээнд залж, туурга тусгаар улсаа тунхаглах их баяр ёслолыг ёс төртэй явуулахад урьдаас сайтар бэлтгэсэн нь тодорхой ажээ.

Хугацаа: Энэ өдрийн морин цагийн эхний хорид буюу 11 цаг 40 минутад өлзий учрал бvрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гvйцэтгэхээр олон монголчуудад мэдэгдэн эхлvvлж орой нар шингэхийн өмнө буюу оройн 5 цагийн орчим өндөрлөсөн байна.

Хаана: Уг vйл явдалд өөрийн биеэр оролцсон Г.Навааннамжил авгайн өгvvлснээр : “Богдын орд хашааны дотор бий хуучин галбын дуган гэдэг алтан дээвэртэй сvмийн зvvн тал, мөн Доржвавааран гэдэг дуганы баруун талын хэсэг сул газрын шар хашааг хойш тэлж ихтгэн, тэрхvv зайд, Монголын төрийн орд гэдэг шар хамба торгоор өнгөлж, хөх торгоор мөшгөөрлөсөн, сvлбэмэл очир есөн эрдэнэ, долоон тахил гэх мэтээр гоёмсоглож хээлсэн арван хэдэн ханатай том эсгий гэрийг байгуулав” гэжээ. Төрийн шар ордон нь эдvгээгийн Урлан бvтээх төвийн орчим байрлаж байсан байх бөгөөд Богд хаан Туулын хөвөөнд буй тvvний өвлийн хоёр давхар ордонгоос эхнэрийн хамт Төрийн ордон руу ирсэн байна.

Төрийн их ёслолын vйл ажиллагаа: Энэ vйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж vлдээсэн, маш сонирхолтой бvтээл бол Г.Навааннамжил авгайн Өвгөн бичээчийн өгvvлэл болой. Тэрээр бичихдээ: “Мөнөөхөн өвлийн дунд сарын шинийн есөн болж ирэв. Мөнхvv өглөө чуулганы даргын жасааны тvшмэл, бичээч нарын хамт залан Дашдондов, Анваан нар малгай, хvрэм болон Их Хvрээний төвийн шар ордоны тэнд очиж, мориноос буугаад их хаалганы өмнө хvрэхэд олон хvн хуралдаж, vнэхээр нvд алдам их байв. Отго жинс хvрэм эрээн дээлтэй ноёд, тvшмэд, хутагт хувилгаад, лам нар жагсан хvлээж байна. Тэдний дунд ороод байтал удалгvй дээд сvм дээр Гурван их буу тавьсан чимээ тvжигнэж сонсдоно. (Энэ дээд сvм нь Одоогийн Төв музейн оршин буй газар байсан байна. Өөрөөр хэлбэл, Богдыг Дээд сvмийн хажуугаар явж, Төрийн ордоны өмнө орших хаалганд тулж ирэхэд ийнхvv их буу буудсан ажээ – О.Б)

Богд, Цагаан дарын хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад сөгдөн, нам гvм. Богд хатны хамт, шар өнгөтэй алтан туг бvхий дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хvн тэргийг дамнан хөтөлж явна. Өмнө нь донир, сойвон, бараа бологч зэрэг том лам нар жагсан явах ба улаан хуйтай сэлэм зvvсэн хоёр гурван хар ноён зам удирдана. Олон шадар цэрэг замын хоёр талаар буу зэвсэгтэй, ёслолын хувцастай жагсан явна. Богд, хатны хамт шар ордны дунд хаалгаар явж, орд гэртээ ормогц тэдгээр ноёд, лам нар цөмөөр дагалдаж ороод шадар ихээхэн ноёд, лам нар нь бvгд орд гэрт орж очсон байна. Бусад ноёд нь төрийн ордны өмнө зогсож хvлээнэ. Их, бага тvшмэд ба ялангуяа бичээч нар ордны vvдний дотор талд чихэлдэн зогсож, ямар ч ажилгvй дэмий л биеэ жихvvцvvлэн холхиж байна. Ордны гадаад vvд, улаан шөргийн дотор ба гадна мөн сайныг цэнгэлдэхэд дуртай хэмээх алтан vсгийн илэрхийлэл бvхий ногоон ваартай юаньпайн хойд талаар vй олон энгийн лам, хар ард цугларан vймэх нь vнэхээр шинэ нээсэн шоргоолжийн vvр мэт бөгөөд бургас мод барьсан хаалгач лам нар, хиа, цагдаа нар эдгээр хvнийг эсрэг тэсрэг хамаагvй жанчиж, шавхуурдаж, тарианд орсон хонь мал мэт ийш тийш хөөгдөвч Богдыг хаан сууна гэхэд мухраар хэтэрхий биширч, жанчигдаж, гөвшигдөвч, дэмий л ордны vvдний зvг харуулдаж аливаа нэгэн сонин сайхан юм vзэхсэн гэж горилох байдалтай шуугина” хэмээснээс vзвэл Богд гэгээн, хатны хамт болзсон цаг болохоос арай өмнө Өвлийн ордоноосоо ирж, Төрийн ёслолын хувцас, хэрэглэлээ өмсөж бэлдсэн хэмээн vзэж болохоор ажээ.

Тэрбээр цааш өгvvлрvvн: “Vдийн vе болоход ордны зvvн тасалгаанд бий Богдын тугдам гэдэг гэрийн vvднээс эхлэн төрийн ордны хоймор байгаа дөрвөн арсланы дvрсийг сийлж тvшvvлсэн элдэв алтан хээт хааны ёслолын өндөр тавцан бvхий олон давхар магнаг олбог тvшлэг хvртэл ба мөн Очирдара гэдэг гэр дуганд замнаж оруулах, хvн явж багтах нарийхан банзан шалтай, шар торго дэвссэн зам “гардан”-ыг бэлтгэв.

Богд, эх дагина хоёр хар vнэг гэдэг vнэт vстэй малгайд очир жинс хадаж, эрээн дээл, булган цоохор хvрэм өмсөж, явганаар шадар ноёд, сойвон, донир нарыг дагалдуулан хойноо шар торгон ба алтан саа луу хээт шvхэр хоёр тогосны өдөн шvхэр нэг, ийм гурван шvхрийг бариулж, өмнө нь донир ба улаан хуйт сэлэм зvvсэн хар ноён хоёр хvн удирдан, мөнөөхөн бэлтгэсэн шар торгон зам дээгvvр алгуурхнаар алхуулах явахад нь шадар ноёд дөрвөн хvн Богд, эх дагинын хоёр талаас нь тvшиж хvндэтгэн явна. Ордны дотор их буу гурван удаа тавьж, нижигнэн тvжигнэхэд ордны дотор байсан зарим аймтгай шадар хvмvvс нь цочиж уулга алдаж бархирна. Энэ уулга алдах гэдэг нь vнэнгvй худал бөгөөд Богдод таалагдахын арга болно. Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бvхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл бээс гvн засаг тайж нар цөм дагалдан орцгоов. Эрх, хувьгvй тvшмэл, бичээс над дэмий л гадна хvлээн чичирч, төрийн ордны vvдэнд хvрч юм vзэх гэх ба ийш тийш явья гэвч, бургас мод барьсан хаалгач лам, цагдаа нар хориглож донгодох ба бургас модны хишиг хvртэх учир явж хөдөлж чадахгvй, ямар ч хэрэггvй дэмий чичрэлдэн, хэзээ ёслол тарахыг хvлээж байх нь тэр vеийн дээд доодын эрх тэгшгvй байдал илэрхий мэдэгдэнэ. Анваан, мөнөө тvшмэл, бичээч нарын хамт даарч, чичирч, юм vзэх, сонсохсон гэж өндөлзөн байтал, төрийн ордноос хуучин хvрээний монгол сайд байсан бээс Пунцагцэрэн гартаа нэлээд том бичиг барьж ирээд хишиг тараах зарлиг буув гэж өндөр дуугаар хэлнэ. Мөнөө тvшмэл,бичээч зэрэг хар лам хvмvvс цөм чимээ аниргvй болон сөгдөнө. Бээс Пунцагцэрэн тэрхvv хишиг тараах зарлигийг уншиж л байв. Vг нь ер тодорхой сонсдохгvй, чинээгээрээ чих тавьж сонсвол: Богдыг Монгол Улсын наран гэрэлт тvмэн наст Богд эзэн, Цагаан дарыг улсын эх гэж өргөмжилж, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хvрээг улсын төв Нийслэл Хvрээ болгон Монгол улсын байгуулж, дэлгэр их ёслолыг явуулав хэмээжээ.

Богд хааны монгол бичгийн багш хэмээгдсэн, Хурц Магсаржав бичихдээ: “Монголын төрийн орд, Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шvvх таван яамны байгуулалтыг урьдаар засацгаан бэлтгэхэд төв гэрvvдийг цөм монгол гэр vйлдэн байгуулаад Монголын цагаагчин гахай жилийн 11 дvгээр сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 дугаар сарын 16 (29 – О.Б) ны өдөр Богд Жавзандамба хутагт ламыг Монгол Улсын хаанд өргөмжлөх явдлыг гуйн айлтгаж мөн өдрийн 11 цагт эрдэнийн ширээнд залж суулгаад басхvv шавь охин эрдэн сэцэн Цагаан Дара Дондогдуламыг улсын эхэд өргөмжлөн хамтаар ёслох учир хааны эрдэнэ, хасын тамга, алтан vсэгт өргөмжлөл ба Монголын газраас гарсан ёсны юм есөн цагаан билгийн цагаан тэмээ, мөнгөн буйл, булган мулцагт нижгээд цагаан морь, булган мулцагт наймаад хадаг сэлтийг бэлэглэн өргөхдөө төрийн ордоноо хуралдсан хvн бvгдээр хичээнгvйлэн Богд хаан, Улсын эхэд тус тус гурвантаа сөгдөж, есөнтөө толгой дохиж” мөргөсөн хэмээжээ.

Чингэвэл “Монгол Улсын автономи хэмээх өөртөө эзэрхэн засах эрхт засгийн vеийн vнэнхvv явдал чухам байдал, чухал учрыг тэмдэглэсэн товч өгvvлэл хэмээх тvvх бичигт” энэ талаар өгvvлэхдээ “Халхын таван аймгийн хаад, чуулганы дарга, жанжин, олон засаг ноёд, хутагт хувилгаад, шанзодва, да лам нар язгууртан тушаалтан тайж тvшмэд бvрнээ Их Хvрээнд хуралдан хvрч ирээд, бvгдээр нийлж зөвлөлдөн хэлэлцэж, Европийн нэгэн мянга есөн зуун арван нэгдvгээр он, Дайчин гэдэг Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арван тавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн өвлийн дундад сарын шинийн есний өдөр, Монгол Улсын тулгур төрийг нээн, тусгай улс байгуулж, бvхний багш Богд Жавзандамба ламтныг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Эрдэнийн их сууринд суулгаж, шашин төрийн бvрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрийдэж, Их Хvрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шvvх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгvvлэв” хэмээсэн бол Манжич Л.Дэндэв авгай: “мөнхvv тvр засгийн газраас Монгол өөртөө тогтнох улс болж, Богдыг Монгол Улсын хаанд өргөмжлөн эрдэнийн сууринаа суулгах өдөр цагийг тогтоож, Хvрээн дэх Оросын ерөнхий консулд албанаар мэдэгджээ. Тvvнээс дөрвөн аймгийн ноёд, лам нарыг хуралдуулан улсын Засгийг байгуулах хэрэг зvйлийг зөвлөлдөн тогтоож, Монголын цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн 9 бөгөөд Европийн 1911 оны арван хоёрдугаар сарын 16 ны өдрийн 11 цагт Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд, Эрдэнэ сэцэн цагаан Дара-г улсын эхэд тус тус өргөмжлөн ёслох учир, хааны тамга, өргөмжлөл, есөн цагаан бэлэг ёслолыг бэлэглэн ёслолыг гvйцэтгэж, ерөөлийг айлтгаж гvйцэтгэсэн ба Богд хаанаас Засгийн газрыг байгуулахдаа Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шvvх хэмээх таван яам байгуул” -сан хэмээн тэмдэглэжээ.

Х.Пэрлээгийн тэмдэглэж авсан дурсамжид “Монгол Улсын эзэн шашин төрийг хослон баригч наран гэрэлт хаан” өргөмжлөх тунхаг бичгийг Халхын Сайн ноён хан Намнансvрэн баруун өвдөг дээрээ сөгдөн сонсгоход төрийн ёслолд оролцогсод цөм баруун өвдөг дээрээ сөгдөн мөргөсөн байна. Тулгар төр байгуулсан хэрэгт онц хvчин зvтгэгсэд ба нийтэд хишиг тараах зарлигийг Да лам Цэрэнчимэд уншсан хэмээн бичжээ .
Хишиг тvгээсний дараа ёслолд оролцогсод цайлж идээ тvгээн, хундага өргөж, ерөөл айлтгасан байна. Энэ хооронд цард бэлдсэн идээнээс гурван мөнгөн цард дээж авч бариад Богд хаанд шадар сайд, сойвонгууд урьдын адил бараа болж их дуганд заларчээ. Мөн Богдод хундага өргөхөд Чин ван Ханддорж, гvн Намсрай, тамга өргөхөд да гvн Чагдаржав, өргөмжлөлд Сайн ноён хан Намнансvрэн, Бурханд хамба номун хан Пунцаг, дэд хамба Содномдаржаа, ном дор Манзушир хутагт Цэрэндорж, Жалханз хутагт Дамдинбазар, суварганд ноён номун хан Жигмэддорж, Эрдэнэ хамба Лувсанцэрэндагвадогми, долоон эрдэнийг Шанзодба Бадамдорж, мэргэн хамба Дэмбэрэлдаш, Тvмэн оны хангагчийг да жvн ван Гомбосvрэн, мэргэн ван Ананд Очир, ерөөл айлтгахад Да лам Цэрэнчимэд нар гvйцэтгэсэн тухай архивын эх сурвалжид тэмдэглэжээ .

Одоо Монголын энэхvv тvvхэн vйл явдлын талаар гадаадын эх сурвалж, эрдэмтэн судлаачдын бvтээлд юу хэмээн бичсэнийг сонирхцгооё.

Оросын эрдэмтэн И.И.Ломакина бичихдээ : “Өглөөнөөс бvхнийг хамарсан өргөн цуглаан эхэлж, тvvнд бvх л дээд лам нар, цэрэг, хоёр мянга орчим зэвсэглэсэн казакууд оролцож, жагсаалаар Богдын өвлийн ногоон ордоноос Хvрээ рvv хөдлөв. Богд болон тvvний эхнэрийг хvvгийн хамтаар шар өнгөтэй хаалттай сvйхэнд суулган өргөж, баяр ёслолд зориулан алтан болон шар өнгөөр бvрсэн асар том гэр хvрч, тэндээсээ Ордон руу шар өнгийн материалаар зассан замаар явав. Замын хоёр талаар ноёдууд жагссан байв. Гэрийн хойморт хос сэнтий зассан байв. Ийм байдалтайгаар цогчин дуган орж, товчхон мөргөл vйлдээд буцаад ордондоо заларсан. Баяр ёслолын байдалтай нам гvм байдалд Хаан эзний сууринд залах тухай тунхагийг уншиж, Богд болон тvvний эхнэрийн толгой дээр Да лам, Сайн ноён хан нар титэмийг өмсгөсөн. Алтан очир нь Чингис хааны vр сад сэргэсэнийг илэрхийлж байв. Ийнхvv их бууны дуутай зэрэгцэн хаан суудалд засах ёслол болжээ. Vvний дараа бэлэг өргөн баяр хvргэх vйл явц эхлэв. Vvний дотор гол нь есөн цагааны бэлэг орж байв. Энэ өдөр есөн цагааны бэлэг ердийнхөөс 100 дахин илvv өргөж, бvгд цагаан хадаг барьсан байв. 900 цагаан тэмээний хvзvvн дээр булга, хар vнэг болон бусад зэрлэг vнэт амьтдын арьс өлгөөстэй байв. Өргөл бэлэг хошуу бvрээс, томоохон ноён бvрээс, Хvрээний хятадуудаас өгч, заримдаа мөнгөн эдлэл, торгон хувцас бэлэглэж байжээ.

Төрийн ёслолоос хоёр цагийн дараа хааны гэр бvл дахин мөргөл хийхээр нээлттэй сvйхэнд суун, Майдар сvм рvv явсан байна. Дагалдсан ноёд, лам нар бvхий л хугацаанд асаасан лаа барьж явав. Цуваа их бууны дуун дор явж байв. Мөргөл vйлдсэний дараа буцаж, ордондоо залраад хишиг тарааснаар энэ өдрийн ёслол оройн 5 цагт өндөрлөж, Хаан эзэн, улсын эх дагины сууринд суусан Богд, тvvний эхнэр тус тусдаа хаалттай сvйхэнд сууж, өөрийн ордондоо залрав хэмээн бичжээ. Хааны ийнхvv явж байхад өнгө өнгийн туг дохиур барьсан тvшмэлvvд дагалдаж, замын дагуу ард олон өвдөг сөхрөн мөргөж өөрийн хаандаа хvндлэл илэрхийлж байсан. Хааны ногоон ордоны гадаа сvйхээс нь буухад их буу дахин буудаж байв. Ийнхvv Олноо өргөгдсөний эзэрхлийн vе эхлэв хэмээн мөн тэнд бичжээ.

Өөрийн амьдралын гучин жилийг Монголд өнгөрvvлж, монголчуудын хэл, ахуй, зан заншилыг сайтар судалж, Монгол орон, ард олны талаар өөрийн гэсэн бодит ойлголттой болсон, тухайн vед Монголд, тэгэхдээ Хvрээнээс зайдуу Ховдын орчим амьдарч байсан А.В.Бурдуков бичихдээ “Энд Ховдод нам гvм байсан бол Хvрээнд чухал vйл явдал болж байв. 1911 оны 11 дvгээр сарын 18 нд тусгаар тогтносон Монгол тунхаглагджээ. Уламжлалд тулгуурлан монголчуудыг барьж байсан Манж, хятадын засаглал энэ vед суларч, эсэргvvцэл vзvvлэх чадвар сул байв. Хvрээний гудамжинд гарч, лам голдуу монголчууд бөөнөөрөө жагсан, хашгирч, Хятад амбаны замыг гудамжинд хааж, сvйх тэргэнийх нь цонхыг хагалахад тэрбээр ухаангvй айж, засгийн эрхээ өгөхийг зөвшөөрч, цэргvvдийнхээ зэр зэвсэгээ хураалгаж, Хятад руу тайван замаар явсан” хэмээн бичжээ.

Бурдуков: Хvрээний vйл явдлуудын тухай ард олон хятадуудтай хийсэн Монголчуудын томоохон тэмцэл болсон хэмээн ярьж байв. Олон зууны эзэгнэлд нь өшөөрхсөн ард олны дунд хятадуудаас өшөө авах сэтгэлгээ сэрж эхлэв. Улиайстай, Ховдоос хятадуудыг хөөх vлдээд байв. Гарал vvсэл нэгтэй халхын дөрвөн аймаг хөдөлгөөнийг шууд л дэмжиж байв. Хvрээ, Улиастай, Ховдыг холбож байсан өртөө улаа замхрав. Улиастай дахь жанжин, Ховдын амбанд монголчуудад засгаа өгөх шаардлага тавив хэмээн бичээд Ховд хотыг хэрхэн чөлөөлсөн тухай маш дэлгэрэнгvй өгvvлсэн нь энэ vеийн тvvхийн чухал сурвалж болж байна.

Консул В.Любагаас 1912 оны 1 дvгээр сарын 8 нд В.Котвичид бичсэн захидалдаа : Монгол Улсын хаан ширээнд Богд гэгээн суусан тухай өгvvлээд Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлалаа. Хятадуудын сэтгэл самгардсан байдал нь тэдэнд тус боллоо гэж бичээд Богдыг хаанд ширээнд залах төрийн их ёслолын vеэр зураг авах гэсэн боловч амжилттай болоогvй тухай өгvvлсэн байна. Тэрээр өгvvлэхдээ хамгийн сонирхолтой агшинг зурагт буулгаж чадсангvй учир нь Богдыг ирvvт лам, ноёд, ард олон бvчин авч, нэг ч зурагчин тvvхэн агшин хальсанд буулгаж чадсангvй. Уг нь гурван сайн дурын зурагчин байсан гээд Есөн цагаанд өргөсөн 9 цагаан тэмээ, есөн цагаан адуу гэдэг зургийг авч явуулсан тухай өгvvлсэн байна .

Богдыг хаан ширээнд залсан тэр өдөр салхитай, шороо тоос боссон, хvмvvс олноороо шавааралдсан байв хэмээн бичжээ. Гэвч тэрбээр эл захидалдаа Богдыг хаан ширээнд залсан ёслолын ерөнхий дvрслэлийг харуулсан зураг явуулсан тухайгаа өгvvлжээ. Харамсалтай тийм зураг өнөө хэр олж vзээгvй байна.

Харин Оросын зарим эрдэмтэд “1911 онд Монголд тусгаар тогтносон улс байгуулагдсаны vр дvн болж, Орос орон өөрийн хөрш Монголтой шинэ харилцаа vvсгэн байгуулсан нь ХХ зууны нэг ололт юм” гэсэн буюу “Монголд 1911 онд тусгаар тогтносон улс байгуулагдсан явдал нь тус бvс нутагт олон улсын шинэ нөхцөл байдлыг тодорхойлох болсон юм” хэмээн дvгнэсэн байна.

Төв Азийн нутгаар аялагч агуу их Н.Рерихийн хvv Юрий Николаевич Рерих Европ, Америкийн их сургуулиудад уншихаар 1929 онд Урусватид бэлтгэсэн “Монгол: Эзлэн тvрэмгийлэгчдийн зам” нэртэй лекц бичиж, тvvндээ “1911 оны 11 дvгээр сарын 18 -нд Богд гэгээний ордонд Монгол ноёдын хуралдаан дээр улс орныхоо тусгаар тогтнолыг баяр ёслолын байдалтай тунхаглажээ. Энэхvv тэмдэглэлт өдрөөс эхлэн монголын тал нутгаар элч нар тусгаар тогтнолын тухай мэдээ дуулгаж, улс орныхоо төлөө тэмцэхээр цэрэг элсvvлэх болсон тухай зарлигийг хvргэхээр давхилдах болжээ… 1911 оны 12 дугаар сарын 15 нд Наймдугаар Жавзандамба хутагт Монгол улсын Олноо өргөгдсөн хэмээх цол бvхий хаанаар өргөмжлөгдөж, Өргөө хааны нийслэл болж, Богд гэгээний шар туг тvvний ордоны дээр намирах болов. Монголын тvvхийн энэ цаг мөчид өнгөрсөн цагийн агуу удирдагчдаа санагалзан Их Монгол Улсыг байгуулах хvсэл өвөрлөсөн хvмvvс бий болов. Монголын бvхий л тал нутгаар аль хэдийн мартагдсан дайчин дуунууд дахин цуурайтаж эхлэв” хэмээн тэмдэглэсэн байна.

Шинээр тогтсон Монгол улсыг тунхаглан зарласан төрийн их ёслолын талаар тухайн vеийн дэлхийн хэвлэлvvд юу хэмээн бичсэнийг vзэх аваас, Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан «Харбинский вестник» сонин 1912 оны 1 дvгээр сарын 1 ний дугаартаа: «Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо» хэмээн тэмдэглэжээ. Харин Оросын Петербургийн «Речь» хэмээх сонинд «Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан vе нэгэнт эцэс боллоо» гэж бичсэн бол «Санкт Петербургские ведомости» сонин «Хvрээний хутагт, шашны толгойлогч vндсэнийхээ шашин төрийн тусгаар тогтнолыг илэрхийлэгч нь боллоо» гэжээ. Мөн Оросын «Новое время» сонин «Монголд газар сайгvй … их баяр ёслол болж байна. 12 дугаар сарын 16 нд (12 дугаар сарын 29 – О.Б) Монголын өнцөг булан бvхэнд даншиг өргөж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад тvшмэд монгол vндсэний дээл өмс гэж зарлиг буулгав» гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Английн «Таймс» сонин энэ vйл явдлын талаар бичихдээ: «Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бvр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» хэмээн онцлон тэмдэглсэн байна.

Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан нь ийнхvv бодит vйл явдал байжээ.

Энэ өдөр Монгол орон даяар өргөн дэлгэр төрийн их ёслол болжээ. Энэхvv тvvхэн ёслолыг монголчууд бvгд орон даяараа тэмдэглэсэн байна. Тухайлбал, Улиастай хотод “Монгол Улсын тулгур төрийг нээн тусгай улс байгуулж Богд Жавзандамба ламтныг эзэн хаанд өргөмжлөн эрдэнийн их сууринд суулгах их баяр ёслолын өдөр тохиолдсон учир тус хотын монгол сайд дайчин ван Гvргvмжав, жанжин илдэн гvн Гомбосvрэн, дөрвөн аймгийн жасааны туслах, тvшмэд, албаны малыг захирах засаг, цагдаа цэргийг захирах тvшмэдийн зэрэг бvх бичиг цэргийн тушаалтан албаны хvмvvс, энгийн олон ардын хамтаар монгол сайд вангийн яамнаа хуралдаж, хvжийн ширээ жагсаан тавьж, Нийслэл Хvрээний зvгт хандаж, бvгдээр гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөн их баяр ёслолыг явуулан гvйцэтгэж, басхvv олонд цай идээ тvгээн хvртээж хуримлаад мөнхvv өдөр зэвсэг бvхий цөөн тооны монгол цэргийг өмнө этгээдэд жагсааж сvрийг бадруулан монгол сайд дайчин ван Гvргvмжав, илдэн гvн Гомбосvрэн нар тэргvvлэн бvх бичиг цэргийн тvшмэд, тушаалтан албаны хvмvvс бvгдээр мордож тус газрын албан Сангийн хотын өмнөд хаалгыг хашгиран нээж ороод шууд манж жанжины төвийн их яамны vvдэнд тулаар одоход манж жанжин Гvйн бие ихэд айн сандарч угтан гарч ирээд уйхлан сөгдсөн ” ажээ.

Тэмдэглэж ирсэн уламжлалаас: Архивын эх сурвалжид тэмдэглэснээр бол анх “Богд эзэн хааныг анх суурин дор залж тулгур төр нээсэн өдрийг жил бvр тохиолдох тухай дор тансаг хурал хурж, чухал буян vйлдэх”-ийн чухлыг тэмдэглэж, “одоо vvнээс хойш жил бvр өвлийн дунд сарын шинийн есөн дор нийтээр тансаг хурал хурах ба бурхан шvтээн дор зул хvж тахил тавиглал өргөж өөр өөрийн хэр чинээгээр ном буяныг vйлдэж, ерөөл хутгийг гуйн нигvvлсэхvй сэтгэлээр аливаа амьтаны амийг аварсугай” хэмээн 1912 онд зарлиг гарсан байна.
1912 оны 12 дугаар сарын 29 нөөс эхлэн жил бvр энэ өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн Ардын Намын Төв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны дагуу Монгол Ардын засгийн газрын шийдвэр гарч, “Урьдах автономит засгийн vед улсын баярыг жил бvр өвлийн дунд сарын шинийн есний өдөр явуулахаар ирсэн ажгуу. Vvнд бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11 он зуны сvvл сард гадаадын харгис дайсаныг арилгаж, Нийслэл Хvрээг эзэлж мөнхvv сарын шинийн зургааны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэх хаан өргөмжилж, ардын эрхтэй засгийг явуулсаны тулд одоо зvй нь улсын баярын ёслолыг жил бvр зуны сvvл сарын шинийн зургааны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтсон байна. Өөрөөр хэлбэл 1912 оноос 1922 он хvртэл Улсын их баяр наадмыг жил бvр 12 дугаар сарын 29 ны өдөр тэмдэглэж иржээ.

Санал, дvгнэлт болгох нь:
Ийнхvv 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд тусгаар тогтнолоо ХХ зуунд сэргээн тунхагласан өдөр яах аргагvй мөн ажээ. Энэ өдрийн 11 цаг 40 минутад Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд нь залсан нь тодорхой байна.

Эрдэмтэн Д.Гомбосvрэн “Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн төрийн их ёслол” хэмээх илтгэл 2003 онд бичиж, энэхvv төрийн их ёслолын тухай өгvvлэхдээ: “ёслолыг төрийн ордонд эхлээд Цогчин дуганд мандал өргөөд эргэж, Төрийн ордонд дуусгасан нь төр, шашины зохицоог илэрхийлэхийн хамт төрт ёсны уламжлалыг давуутайд vзсэнийг нотлох болов уу” хэмээн дvгнээд “2001 онд 90 жилийн ойг энэ vед байгуулагдсан төрийн байгуулагуудаас Гадаад, цэргийн яам хоёр хурал хийж, бусад нь 80 жилээ тэмдэглэжээ. Ийм байж боломгvй” хэмээн өөрийн саналаа хэлж байжээ. Тэгвэл энэ онд 1911 онд байгуулагдсан 5 яамнаас Сан, Цэрэг, Гадаад яам 95 жилийн ой хэмээн тэмдэглэсэн бол, Хууль зvй, дотоод хэргийн яам 85 жилийн ой хийж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (уг нь тухайн vед байгуулагдсан Дотоод яам юм) таг дуугvй өнгөрсөн бол Засгийн газар ч энэ талаар vг унагасангvй, 800 жил хэмээн сvржигнэсээр өнгөрөв бололтой.

Монгол vндэстнийг мөхлөөс аврах галын очийг асааж, Чингисийн монголчуудын гал голомтыг сахигч болж чадсан, өнөөгийн Монгол улсын эхийг тавьсан тvvхийн агуу их хуудас болох 1911 оны vндэсний хувьсгалын энэ өдрийг Vндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж, тvvнээс төрийн бодлогын нарийн ухааныг өвлөн авч, vндэсний тvvх, соёлоороо бахархах, vндэсний ухамсар төлөвшvvлэх талаар Монголын төрийн зvгээс дорвитой алхам хийгээсэй хэмээн хvсэж тэртээх тvvхийн нэгэн өдрийн тухай товч судалгаа тэрлэхийг оролдов.
Бичсэн: enkhjin | цаг: 21:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 601 удаа уншигдсан.







:-)
 
xaax